bih.button.backtotop.text

Хөхний хорт хавдрын эсрэг шинэ эмчилгээний аргууд

“Хорт хавдрын эсрэг дэлхийн тэргүүлэх зэргийн судлаачид хөхний хорт хавдартай өвчтөнүүдэд итгэл найдвар бий болж буйг онцоллоо” 

АНУ-н Хүнс ба эмийн захиргаанаас сүүлийн шатандаа орсон, үсэрхийлэл бүхий хөхний хорт хавдрын үед Алпелисибыг Фулвестрант хэмээх дааврын бэлдмэлтэй хавсруулан хэрэглэхийг эмчилгээнд зөвшөөрсөн. 

Энэхүү хослол бүхий эмчилгээний арга нь PIK3CA-мутаци бүхий хавдрын эс агуулсан өвчтөнүүдэд үр дүнтэй байв. Мөн Хүнс ба эмийн захиргаанаас энэхүү PIK3CA-мутацийг цус болон эдийн сорьцод илрүүлэх боломжтой оношлогооны аргыг зөвшөөрсөн бөгөөд ингэснээр эмч мэргэжилтнүүдэд хавдрын эмчилгээг илүү үр дүнтэй явуулахад дөхөм болж байна. 

АНУ-ын Хавдрын клиникийн нийгэмлэгийн жил бүр зохион байгуулдаг дэлхийн хэмжээний хамгийн томоохон чуулга уулзалт 2019 оны 5 сарын 24-нд болсон ба энэхүү чуулга уулзалт дээр Алпесилибыг Фулвестранттай хавсруулан хөхний хорт хавдартай өвчтөнүүдэд хэрэглэх боломжтой бөгөөд хавдрын эсийн тархалтыг дан Фулвестрант эмчилгээгээр хоёр дахин бууруулах боломжтой гэдгийг дурджээ. 

Мөн уг чуулга уулзалт дээр судлаачдын хийсэн судалгаагаар Рибоциклибыг дааврын бэлдмэлтэй хавсруулан хэрэглэх боломжтой талаар дурдсан. Цэвэршилтийн өмнөх насандаа хөхний үсэрхийлэл бүхий хорт хавдраар өвдсөн эмэгтэйчүүдэд энэхүү Рибоциклибыг хэрэглэснээр дан ганц дааврын бэлдмэл хэрэглэж байгаа эмэгтэйчүүдтэй харьцуулахад амьдрах хугацаа 50% уртассан судалгааны дүн гарчээ. Урьд нь уг эмчилгээг зөвхөн цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдэд үр дүнтэй гэж үздэг байсан бол энэхүү судалгааны дүнгээс харахад цэвэршилтийн өмнөх насны эмэгтэйчүүдэд ч ашигтай эмчилгээний арга юм.

Гэхдээ Хүнс ба эмийн захиргаанаас Алпесилибыг өмнө арьсны хүнд хэлбэрийн эмгэгээр өвдөж байсан хүмүүст тухайлбал Стивен-Жонсоны хам шинж, Олон хэлбэрт шүүдэст улайрал, хорт эпидермийн үхжил зэрэг эмгэгээр өвдсөн өгүүлэлтэй тохиолдолд тохиромжгүй гэдгийг мэдэгдсэн. 

АНУ-н Хүнс ба эмийн захиргаанаас Фулвестрант болон Алпелисибыг хавсруулан хэрэглэх, мутацийг илрүүлэх оношлогооны аргыг хүлээн зөвшөөрсөн, рибоциклибыг дааврын бэлдмэлтэй хавсруулан залуу эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдрын эсрэг эмчилгээнд хэрэглэх боломжтойг хүлээн зөвшөөрсөн явдал нь маш эерэг, сайн мэдээ юм. Энэхүү амжилттай эмчилгээний хосолсон аргад үндэслэн бусад орнууд ирээдүйд эмчилгээндээ энэхүү хослолыг нэвтрүүлэх боломжтой болсон. Ийнхүү дэлхий дахинаа хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдийн амьдрах хугацааг уртасгах, амьдралын чанарыг нь дээшлүүлэх шинэ итгэл найдвар үүслээ.
For more information please contact:

Related Packages

Related Health Blogs